Мэдээллүүд

Энх тайван гэдэг алс холд орших, гарт үл баригдах зүйл биш, цэвэр агаар анхилсан хаврын өглөө мандах нарны туяанд шувуудын жиргээн сонсох адил тийм аядуу зөөлөн, уянгалаг мэдрэмж билээ.

“Аавдаа үүрүүлээд явж байгаа бяцхан хүүд төрөх тэр аюулгүй, сэтгэлд дулаахан мэдрэмжийг энх тайван гэнэ” хэмээн нэгэн суутан хэлсэн нь бий. Энх тайван гэдэг нь хүсээгүй зүйлээс ангид байж, алив айх аюулгүй амьдрахыг хэлдэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энх тайван байдал тогтоно хэмээн хүн төрөлхтөн найдвар тавьж байлаа. Гэтэл шинэ мянган гарсны дараагаар ч энх тайван бүрэн утгаараа хэрэгжиж чадаагүй байна. Ирак, Афганистаны дайн, Израйл Палестины мөргөлдөөн, Хойд Энэтхэг, Пакистаны асуудал, Солонгосын хойгийн дайн, Филиппины Минданаогийн шашин хоорондын мөргөлдөөн, Мексикийн хар тамхины хэрэг, Африкийн үндэстэн хоорондын тэмцэл, Сирийн тэмцэл одоог хүртэл үргэлжилсээр... Үүний нөгөө талд дайн дажингүй л бол энх тайван байна гэсэн нийтлэг ойлголт байдаг. Тэгвэл энэ ойлголт учир дутагдалтай болжээ. Тодруулбал, зөвхөн дайн дажингүй байснаар энх тайван оршдоггүй ажээ. Бид амьдарч, ажиллаж буй орчиндоо, өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсэндээ, өглөө болгон ажил, сургуульдаа явж, орой бүр гэртээ эргэн ирэх замдаа айх аюул, санаа зовних зүйлгүй амьдарч байж энх тайван гэдэг зүйлийг бүрэн утгаар нь эдэлдэг. Үндэс угсаа, арьс өнгө, хэл соёл, шашин шүтлэгээрээ хэдий ялгаатай ч хүн төрөлхтний нийтлэг нэгэн мөрөөдөл, үнэт зүйл бол энх тайван билээ. Монгол Улс 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг тусгаж, иргэн бүрийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, шашин шүтэх, эс шүтэх, халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулан өгсөн. Үүгээрээ Монгол Улс маань энх тайвны төлөө, энх амгаланг баталгаажуулахын төлөө яваа Ази тивийн цээжинд орших ардчилсан улс гэдгээ нотолдог билээ.