Дэлхийг эх орон, гэр бүл, би гэсэн тодорхой загвараар сэтгэж, энх тайвныг цэнхэр гарагийн цонхоор өөриймсөн харах цаг нэгэнт иржээ. Тэнд байгаа асуудлыг энд биш хэмээн чихээ таглаж, нүдээ аньж суух нь гэнэн гоомой хандлага гэж бодно. Орон зайн хүчин зүйлээс үл хамааран эх дэлхий дээр хамтдаа зэрэгцэн оршиж буй хүн төрөлхтөн бид хэн нэгний төлөө, өрөөлийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгдэнэ гэдэг нь нэг талаас бидний үүрэг бөгөөд нөгөө таэлаас дэлхийгээ, өөрийн оршихуйгаа ухаарсан хүмүүний тэнүүн ухаан юм.
Энэ бол XXI зуунд чухалчлагдаж буй энх тайвны шинэ чиг хандлага юм. Хүмүүс бид амьдралынхаа турш амар амгаланг эрж, энх тайван, эв нэгдэлд тэмүүлсээр ирсэн. Энх амгалан байна гэдэг нь жирийн иргэнээс эхлээд гэр бүл, ард түмэн хөгжил дэвшлийн үр шимийг хүртэж, мэдрэх үндсэн суурь нөхцөл гэдэгт би итгэдэг.
XIII зууны тэртээ “Pax Mongolica” буюу “Монголын Энх тайван” гэдэг нэрээр бидний өвөг дээдсийн дэлхийг засаглаж байсан түүхэн зурвас үеийг тэмдэглэн үлдээсэн байдаг нь ч учиртай. Миний, таны хайж тэмүүлдэг тэр гэгээн сайхан итгэл үнэмшил мөнхөд бидний зүрх сэтгэлд оршдог.
“Дэлхийн Энхийн Их Наадам Сан”-ийн Монгол дахь үйл ажиллагааг явуулдаг “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ нь ийм итгэл үнэмшил, үнэт зүйлээр жигүүрлэн өнө мөнх орших энх тайван, амар амгалангийн өлгий болсон Монгол орондоо 2011 онд ДЭИН-ыг зохион байгууллаа.
Энэ наадмын хүрээнд иргэд нийгмийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд бүтээлчээр оролцох боломжийг олгосон олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулж, нийгмийн асуудлуудаас заримыг нь ч болов шийдэж чадсан нь бидний бахархал билээ. Их наадмын хүрээнд эхлүүлсэн олон дэвшилтэт санаачлагыг эх орноо гэж сэтгэлтэй иргэн таны оролцоотойгоор цаашдаа ажил хэрэг болгон үргэлжлүүлэх болно.