Өв тэгш гэр бүлийг бүтээхүй
Гэр бүл бол энх тайвныг бүтээх “тоосго” юм. Энэ “тоосго” өндөр чанартай, бат бөх байхын тулд сайн материалаар, зөв хийгдэх учиртай. Энэхүү “тоосго” нь хайр хүндлэл, ёс суртахуун болон харилцааны зөв төлөвшил бүхий гэр бүлийг илэрхийлж буй юм. Түүхийн турш аль ч нийгэмд гэр бүлийн энэхүү үнэт зүйл ямагт чухлаар тавигдаж ирсэн. Гэр бүл бол хайрын орчин бөгөөд энэ сургуульд бид бусдыг хайрлах, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, бусдын ялгаатай талыг хүлээн зөвшөөрөх гэх зэрэг хэм хэмжээнд суралцдаг.
Бид гэр бүлийг хайрын халуун орчин хэмээж хамгийн дотно харилцаатай холбож ойлгодог. “Энэ хүн манай аавтай адил, миний ээж шиг, манай ахтай адилхан, эгч шиг минь, яг миний хүү, охинтой адилхан” хэмээн адилтган хэлдэг шүү дээ. Иймээс дэлхийн хүмүүс бид бусдыг өөрийн гэр бүлийн гишүүн мэт хайрлаж, хүндэлж, арьс өнгө, хүйсийн ялгаа, хэл, соёл, шашны өөр өөр орчин ахуй зэрэг биднийг “ялгаатай мэт” харагдуулдаг ханыг нурааж байж сая энх тайвныг жинхэнэ утгаар нь бүтээж чадах болно. Угтаа хүн төрөлхтөн хаана оршин амьдарч буйгаас үл хамааран дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн гишүүд билээ.

Үзэл бодлын хязгаарыг гэтлэхүй
Хүмүүс бид нас хүйс, арьс өнгө, үндэс угсаа, соёл, зан заншил, шашин шүтлэг, бизнесийн ашиг сонирхол зэргээрээ яагаад тэгтлээ ялгарч товойхыг хүснэ вэ? Эдгээр ялгааг туйлшруулах бүрд хүн төрөлхтөн юунд хүрэв? Хүн бүр, улс үндэстэн бие биеэсээ ялгагдах өвөрмөц онцлогтой хэдий ч бид бүгд адилхан хүмүүн заяанд төрсөн эх дэлхийн хүмүүс. Нэг нь баян чинээлэг, нөгөө нь үгээгүй ядуу эсвэл нэг нь монгол хүн, нөгөө нь хятад иргэн, нэг хэсэг нь ислам шашинтай нөгөө нь буддын шүтлэгтэй... гэх мэт ялгаа хэзээд оршино хэмээн мэтгэх хүн цөөнгүй.
Гэтэл энэ нь хүн төрөлхтнийг бие биенээ өөр хооронд нь зөрчилдүүлэхэд хүргэдэг, нэгийг нь нөгөөгөөр нь үгүйсгэхэд хүргэдэг, тэрч бүү хэл нэг нь нөгөөгөө устгахад хүргэдэг тийм том ялгаа, хана хэрэм гэж үү? “Үгүй ээ, тийм биш” гэх хариултыг ДЭИН-ын хоёр дахь эрхэм зорилго илэрхийлдэг юм. Хорвоо дэлхийн хүмүүс бид бусдыг үгүйсгэх үзэл бодлынхоо хил хязгаарыг давж байж л бидний хэн маань ч хүсээгүй тэрхүү нөхцөл байдлаас өөрсдийгөө аварч, жинхэнэ энх тайвныг бүтээх боломжтой. Ийм ч учраас “Бүх хүмүүс нэгэн гэр бүл юм шүү” хэмээх суурь зарчим, үнэт зүйл, хүсэл тэмүүллийн дор “биднийг ялгаатай мэт харагдуулдаг” үзэл бодлын зааг ялгаа, хил хязгаарыг таягдан хаях учиртай.

Бусдын төлөөх өгөөмөр сэтгэлийг бүтээх
“Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” хэмээх үг юутай гүн санааг агуулна вэ? Энэ нь маргаашийн ашгийг харж өнөөдөр хэн нэгэнд туслах гэсэн явцуу сонирхлын илэрхийлэл яавч биш. Бусдын төлөө сэтгэл гаргаж, бусдад тусална гэдэг нь өөрийн оршихуйг ухаарч, эрхэмлэдгийн илэрхийлэл юм. “Газар дэлхий дээр гав ганцаараа бол чи хэн ч биш” хэмээх мэргэн санаа ч бий. Хүн төрөлхтнийг нэгэн гэр бүл хэмээн үзэж, бие биедээ туслахын үнэ цэнийг ухаарах аваас хүмүүсийн хүсэл эрмэлзэл, чин зүрхний уриа дуудлага болсон энх тайвныг хамтдаа бүтээж чадна.
Зорилго нь арга хэрэгслээ зөвтгөх лугаа адил хүн төрөлхтний энх тайвны төлөө, өөрийн хүслээр бусдад туслахын утга учрыг сурталчлан, бие биедээ сэтгэлийн гараа сунган тус дэм болохын чухлыг ухаарч, энэ бүхнээс амсах аз жаргал, сэтгэлийн цэнгэлийг хүмүүст хүргэхийг ДЭИН нь эрхэм зорилгоо болгодог. Энэхүү зорилгын дор бусдын төлөө амьдрах соёлыг төлөвшүүлэх аяныг дэмжин дэлгэрүүлж, дэлхийн хүмүүс энх тайвнаар хамтран ажиллахыг уриалж байна.