Ердөө л нэг, хоёр, гуравхан ширхэг магадгүй арван ширхэг 10 төгрөгөөр агуу том эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээцгээе гэвэл Та өөртөө байгаа  10 төгрөгөө хандивлах уу? “Бүр 20 ширхэг аравтын дэвсгэрт өгье, юу л бүтээгээ аж дээ” гэх хүмүүс ч бий. Нээрээ л нэг ширхэг аравтын дэвсгэртээр юу худалдаж авч болох вэ? Бараг юуг ч худалдан авч чадахгүй болов уу.

Халаасан дахь 10  төгрөгөө гээчихвэл эсвэл  худалдагч  таны хариулт мөнгө болох 10 төгрөгийг өгөхгүй байсан ч нэг их харамсах сэтгэл төрдөггүй шүү дээ. Гудамжинд хаягдсан 10 төгрөгийг “бохир” гээд авахгүй өнгөрөх нь ч бий.
Гэтэл энэ  10  төгрөгөөр  юу хийж болно  гээч  ... Ёстой нөгөө гайхамшгийг ч бүтээж болно. Энэ гайхамшиг  бол Монгол Улсын мөнгөн дэвсгэртийн хамгийн бага нэгж болох 10 төгрөгтөө байгаа юм биш,

ХҮМҮҮС  БИДЭНД  УГААС  ЗАЯАСАН  ТУСЧ  САЙХАН СЭТГЭЛИЙН  ИЛЭРХИЙЛЭЛ БОЛСОН  ЖААХАН  Ч ГЭСЭН  ЭНЭ МӨНГИЙГ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ҮЙЛСЭД ЗОРИУЛЪЯ ГЭСЭН ХҮМҮҮСИЙН ХҮСЭЛ БОДЛЫН  АСАР ИХ ХҮЧЭЭР БҮТДЭГ ЮМ.

Монголчууд  бид  аравхан  төгрөгөөр  биежсэн  нэгэн  сайхан үйлийг  “Хүн  Гүрнээс Гаралтай  Ард  Түмнүүдийн Энхийн   Их Наадам”-ыг тохиолдуулан бүтээлээ. Хичнээн ядуу хоосон байсан ч тусалъя гэсэн сэтгэлтэй хүн бүхэн оролцох боломжтой уг аяныг зохион байгуулснаар монголчууд бид хүсэл зорилгоороо нэгдэж чадвал ямарч зүйлийг бүтээж чадна гэдгийг харууллаа.


ДЭИН ТББ “10 төгрөгийн хүч” хандивын аяныг “ХҮН - НАНДИН ЭРДЭНЭ” ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД “САЙХАН МОНГОЛ ОРОНД МААНЬ ХҮҮХДҮҮД ХАЙРААР БҮҮ ДУТААСАЙ” хэмээх уриан дор анх удаа санаачлан,  2011 оны 5-р сарын 7-ны өдрөөс
8-р  сарын 27-ны өдөр  хүртэл хугацаанд  зохион байгууллаа. Гурван сая  ч хүрэхгүй Монголчууд  бид  өөрсдийгөө хайрлан хүндэтгэж, бие биедээ дэм болж явах учиртай.
• Манай улсын нийт хүн амын 34,5 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг
• Сургуулийн насны 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч байна
• 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож байна
• 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг
•  2  хүүхэд тутмын нэг нь  сургууль, гэр  бүлийн орчинд зодуулж,  дарамтанд   орж  байна  гэх зэрэг  бараан  мэдээлэл хүүхдийн асуудалд  анхаарлаа  хандуулахыг сануулж  байна.

НИЙГЭМ   ЭДГЭЭР   ХҮҮХДҮҮДИЙГ   АД   ҮЗЭН  ДУРГҮЙЦЭЖ, ХАРИН ХҮҮХДҮҮД НИЙГМЭЭ ХОРСОН ЗАНАЖ ӨСӨЖ БАЙНА. ХҮҮХЭД ЭНЭ ЗАМЫГ ӨӨРӨӨ СОНГОСОН ГЭЖ ҮҮ? ХҮН ЁСООР ХАЙРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ТЭДНИЙ БУРУУ ЮУ?


Ийнхүү манай нийгэмд бодитоор тулгамдаад байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэхэд “10 төгрөгийн хүч” аян  хувь нэмрээ оруулах зорилгоор, цаашлаад материаллаг зүйлийн ядуурлаас бус сэтгэлгээнээс болж үүсдэг ядуурлыг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг бид хамтдаа амжилттай хэрэгжүүллээ.