ДЭИН-ын  хүрээнд  зохион  байгуулж  буй  “Бид  хөгжлийн эзэд”  аяны  “Хөгжлийн  гарцыг  тодорхойлох  гавьяатнууд” анхдугаар чуулга уулзалт 2011 оны 8-р сарын 8-11-ний өдрүүдэд Төв  аймгийн  Батсүмбэр  сумын  “Мөрөөдөл”  зусланд  болсон юм. Энэхүү  чуулга уулзалтанд өөрсдийн оюун ухаан, идэвх санаачилгаараа олон шинэлэг, бүтээлч зүйлийг хийж, Монгол Улсын 19 аймаг, 6 дүүргээс шалгарсан 25 оролцогч оролцлоо.
Энэхүү чуулга уулзалтын зорилго нь хөгжлийн эзэд болсон бүтээгч хүмүүс хоорондоо танилцах, нэг, нэгнээсээ суралцах боломж олгож,  эх орныхоо хөгжлийн төлөө  нэгдэн, бусдынхаа хийсэн сайн үйлсийг үлгэрлэн өөрийн орон нутагтаа дэлгэрүүлэх  боломжийг эрж хайхад оршиж байв.  Хөгжлийн эзэд маань “Бид хөгжихийг хүсч байна, үүнийхээ төлөө улам ихийг хийх шийдвэр төгс  байна.  Бидний хүсэл мөрөөдөл болон хийх бүтээх зориг гэсэн хос жигүүр эх оронд маань хөгжил цэцэглэлт авчирна” хэмээсэн бат итгэл  үнэмшлээр дүүрэн байв. 
 
Чуулганы  нээлтийн  үйл  ажиллагаанд  Монгол  Улсын Ерөнхийлөгчийн  Тамгын  газрын  Дэд  дарга  Б.Нэргүй,  УИХ-ын гишүүн асан, энхийн элчин сайд,  ш инжлэх ухааны доктор Н.Содномдорж,  ДЭИН-ын  хэвлэл  мэдээллийн  хэлтсийн ажилтан  Майкел  Маршал,  ДЭИН  ТББ-ын  Тэргүүн  Г.Ганбат, ДЭИН  ТББ-ын  Гүйцэтгэх  захирал  Ү.Энхтайван  нар  оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Чуулганы үеэр Монгол ба бусад улс оронд олон нийтийн оролцоонд суурилсан хөгжил, бодит үр дүн, олон нийтийг хэрхэн идэвхжүүлэх төслүүдийн тухай болон Солонгосын  шинэ  тосгон  хөдөлгөөний  талаар  лекц  зохион байгууллаа.
Тус чуулган “Бидний эрхэм зорилго нь хэзээд манлайлагч байж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажилгүй иргэдийг ажилтай болгож, иргэдийн амьжиргааг сайжруулахад дэмжлэг болох үйлсийг бүтээхэд оршино” хэмээн зорилгоо тодорхойлоод,
дараах уриалгыг иргэд болон төр засагт хандан гаргалаа. Үүнд:
1. Эрхэм Монголчуддаа, ард  Иргэдээ “Иргэн  баян бол-Улс баян”
Хэмээх уриаг удирдлага болгож ядуу дарчиг амьдрахгүйн төлөө хүн бүр хичнээн ажиллаж, элбэг баян хангалуун амьдралыг өөрсдөө бүтээж, ингэснээрээ бүр улсаа хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж хөдөлмөрлөцгөөе! Нэгдэн нягтарч ажиллацгаая!  
Улс орныг жигд хөгжүүлье, хөгжлийн үр шимийг иргэддээ хүргэе  гэвэл  аж  ахуйн  нэгж,  жижиг  дунд  үйлдвэрлэгчдээ ямагт дэмжиж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхийг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллахыг төр засгаасаа хүсэн уриалж байна!