Энх тайван бол хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, чин эрмэлзэл. Зөвхөн дайн дажингүй байхыг л энх тайван хэмээн хэмжих бус эв найрамдал, хамтын ажиллагаа, аюулгүй орчин, сайн сайхан байдал ч мөн энх тайван билээ. Ханийн хайр, халамж энхрийлэл дүүрэн гэр бүл, эцэг эхийн элбэрэл, үр хүүхдийн ачлал, хамт олон, нийгмийн эв эе, улс үндэстнүүдийн эв зохицол, шашин хоорондын зөв ойлголцол, улс үндэстний хамтын түншлэл нь бүгд энх тайван гэдэг ойлголтод хамаарна. Энх тайван оршиж буй газар бүхэн хөгжин дэвшиж, үр шимийг нь ард иргэд хүртдэг. Хүмүүс бид өөр хоорондоо үлэмж ялгаатай ч хүмүүн заяа хэмээх нэг л хувь тавилантай. Хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл юм. Нийгмийн гарал үүсэл, байр суурь, үндэстэн ястан, хэл соёл, шашин шүтлэгээсээ үл хамааран бүх хүн энэ гэр бүлийн гишүүд мөн. Иймээс хүн төрөлхтөн нэгэн гэр бүлийн ахан дүүсийн ёсоор бие биенээ хүндлэн дээдэлж, хүлээн зөвшөөрч, харилцан ойлголцсоноор хэнийг ч арьс өнгө, шашин шүтлэг, үндэстэн ястнаар нь үл гадуурхдаг, энх амгалан дэлхийг хамтдаа бүтээж чадна. ДЭИН нь бүх хүн төрөлхтнийг энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллахыг уриалдаг юм.